Майкрософт компани гар утасны бизнест эргэн ирлээ

Дэлхийн технологийн тэргүүлэгч компаниудын нэг Майкрософт албан ёсоор гар утасны бизнест эргэн иржээ.

Өчигдөр болсон арга хэмжээний үеэр тус компани Surface Duo нэртэй шинэ бүтээгдэхүүн танилцуулсан нь эвхэгддэг хос дэлгэцтэй, Андроид систем бүхий ухаалаг гар утас байв.

Ингэснээр Майкрософт гар утсанд зориулсан Windows систем бүтээх мөрөөдлөө бүр мөсөн хаяж байгаа бололтой. Шинэ гар утас 2020 оны намар худалдаанд гарах юм байна.

Майкрософтыг гар утас үйлдвэрлэнэ гэсэн яриа бүр 2016 оноос эхлэн тарсан байдаг. Шинэ гар утсаа танилцуулалгүй удсан шалтгааныг хос дэлгэцэнд системээ зохицож ажилладаг болгоход их цаг зарцуулсан гэж тус компанийн төхөөрөмжийн салбарын захирал Панос Панай тайлбарлажээ.

Surface Duo нь бас Windows дэсктоп системтэй бүрэн нийцэж ажилладаг байх гэнэ.

Шинэ гар утасны зах зээлд гарах хугацаа болоогүй байгаагаас техникийн нарийн үзүүлэлтүүдийг танилцуулаагүй байна.

Өмнө нь Майкрософт компани гар утасны бизнест нэвтрэхээр хоёр удаа оролдоод бүтэлгүйтсэн юм. Эхний удаа Windows Mobile системтэй гар утас гаргаад амжилт олоогүй бол дараа нь Финландын Нокиа компанийн гар утасны бизнесийг худалдан авч, өөрийн бүтээгдэхүүнтэй болох гээд чадаагүй.

Майкрософт компанийн өчигдөр танилцуулсан бүтээгдэхүүнүүд

Эх сурвалж: Tech Insider